Төлөвлөгөөний мэдээлэл

Оюун ухаан тулалдааны талбар, cүнслэг удирдамжЗагвар

Оюун ухаан тулалдааны талбар, cүнслэг удирдамж

14-с 5 дахь өдөр

“Би Энэ Тал Дээр Юу ч Хийж Чадахгүй!”

Би өнөөдөр тэнгэр газрыг дуудаж та нарт гэрч болгон чиний өмнө амь ба үхэл, ерөөл ба хараалыг тавъя. Чи бас чиний үр удам амьдрахын тулд амийг сонгож - Дэд Хууль 30:19

Бурхан бидний буруу зан авиртай ажиллаж эхлэх үед “Би энэ тал дээр юу ч хийж чадахгүй” гэж хэлэх нь амархан байдаг боловч “Би хариуцлагатай хандаж, өөрийн амьдралаа зөв замаар авч явахад бэлэн байна” гэж хэлэх нь жинхэнэ зориг болон итгэлийг шаарддаг. 

Асуудлуудтайгаа нүүр тулалгүйгээр холуур тойрон явах нь гол асуудал болдог. Бид буруу зүйлүүдээ таньж мэдэхээс татгалзах нь тэдгээр буруу зүйлүүдийг биднээс холдуулдаггүй. Бид тэдгээрийг ойр ойрхон өөр зүйлүүдээр дүүргэж байдаг. Бид тэдгээрээс нуугдаж, иймэрхүү байдлаар яваад л байх юм бол тэдгээр буруу зүйлүүдэд биднийг бүрхэх хүч оршиж байдаг. Амьдаар нь булсан асуудлууд хэзээ ч үхдэггүй. 

Олон жилийн турш бага насанд минь тохиолдсон бэлгийн хүчирхийллийн асуудалтай нүүр тулахаас би татгалздаг байлаа. Аав маань намайг хүчирхийлдэг байсан тул би арван найман нас хүрсэн тэр долоо хоногтоо л гэрээсээ явсан юм. Гэрээ орхин явснаараа тэрхүү асуудлаасаа салж байна гэж бодсон боловч тухайн асуудал миний сэтгэлд байсаар байсныг би ухаараагүй байсан юм. Тэр нь миний бодол, хандлага, үгсэнд маань оршиж, миний үйлдэл, харилцаануудад нөлөөлсөн юм. Би өөрийн өнгөрснөө булж, дээрээс нь өөр зүйлүүдээр дүүргэсэн байлаа. Бид өнгөрсөнтэйгөө амьдрах шаардлагагүй, яг үнэндээ Бурханы Үгээр дамжуулан түүнийгээ мартаж, бүр мөсөн өөрөөсөө холдуулах урам зориг авдаг билээ. Гэхдээ энэ нь тэрхүү асуудлын үр дагаварыг үл ойшоох хүртлээ бүрэн чөлөөлөгдөж, бидний сэтгэл эмзэглэж байх үед зүгээр мэт дүр эсгэнэ гэсэн үг огт биш билээ. 

Надад маш их муу зан авир, сөрөг хандлагууд байдаг байв. Би бас маш их шалтаг заадаг, өөрийн өнгөрсөнтэйгөө нүүр тулдаггүй байсан. Би зөвхөн өөрөө өөрийгөө их өрөвдөж “Би энэ тал дээр юу ч хийж чадахгүй, хүчирхийлэлд автсан нь миний буруу биш” гэж би хэлдэг байв. Энэ нь миний буруу биш байсан. Гэвч тэрхүү хүчирхийллээс болж намайг гинжилсэн бүхий л гинжнүүдийг тасдахад Бурханы тусламжийг авах нь миний үүрэг хариуцлага байсан юм. 

Миний хүлээн авч, зөвшөөрсөн бүх л буруу бодлуудаас минь Бурхан намайг чөлөөлж эхэлсэн юм. Амьдрал минь өөрчлөгдөхөөс өмнө бодол санаа минь өөрчлөгдөх хэрэгтэй байсан юм. Эхэндээ өөрийн бодлуудынхаа талаар өөртөө огтхон ч хариуцлага хүлээлгэхийг хүсдэггүй байлаа. Би юуны тухай бодох тал дээрээ юу ч хийж чадахгүй, аливаа зүйлүүд зүгээр л миний толгойд орж ирдэг гэж бодож байсан юм! Би өөрийн бодлуудыг сонгож, аливаа зүйлүүдийг зорилготой бодож болно гэдгийг би аяндаа ойлгож авсан юм. Бодол санаанд минь зурс хийж байгаа бодол бүрийг хүлээн авах ёстой биш гэдгийг би ухаарсан юм. Бид буруу бодлуудаа тасдан хаяж, тэдгээрийг зөвт бодлуудаар сольж болох билээ.

Бидний оюун санааг дүүргэх бодлуудаас болж бид юу ч хийж чадахгүй мэт байхынхаа оронд ямар нэгэн эерэг зүйл хийж чадна, хийх ёстой гэдэгт би суралцаж авсан юм. 

Бидний бодлуудын ихэнх нь зуршил байдаг. Хэрэв бид өдөр тутам Бурханы сайн зүйлүүд, бурханлаг бодлуудын талаар бодоод байвал тэр нь бидний хувьд зуршил болох болно. Өдөр бүр мянга мянган бодлууд бидний бодол санаагаар урсан гардаг. Үүний төлөө юу ч хийж чадахгүй гэж бидэнд санагдаж болох хэдий ч, үнэндээ бид хянаж чадна. Хэдийгээр буруу бодлуудыг бодохын тулд бидний зүгээс ямар ч хүчин чармайлт гарах шаардлагагүй байдаг хэдий ч, сайн сайхан бодлуудыг бодохын тулд бид маш их хүчин чармайлт гаргах хэрэгтэй болдог. Бид өөрчлөлтүүдийг хийж эхлэх мөчид тулалдааны талбарт тулалдах шаардлагатай болдог. 

Бидний бодол санаа бол тулалдааны талбар бөгөөд Сатан өөрийн муу төлөвлөгөөгөө эхлүүлэх гол арга зам нь бидний бодлоор дамжуулан явуулах явдал байдаг. Хэрэв бид юуны тухай бодохоо огт хянан захирч чадахгүй ээ гэж бодох юм бол, Сатан биднийг урхидан авч, ялах болно. Түүний оронд бид бурханлаг байдлуудын тухай бодохын тулд хичээн чармайж болно. Бид байнга л сонголтуудыг хийж байдаг. Тэдгээр сонголтууд хаанаас ирдэг вэ? Тэдгээрийн үндэс суурь нь бидний бодол санаанд оршдог. Бидний бодол үгс болж, тэгээд бидний үйлдлүүд болдог. 

Буруу зүйлийн оронд зөв зүйлийн талаар бодохыг сонгох, шийдвэр гаргах хүчийг Бурхан бидэнд өгсөн билээ. Гэхдээ бид тэрхүү сонголтыг нэг л удаа хийсэн юм бол үргэлжлүүлэн зөв бодлыг сонгосоор л байх ёстой. Энэ нь бүх л шийдвэрийн төлөө нэг л удаа хийгээд л дуусах зүйл биш боловч бага багаар арай амархан болж ирдэг. Бид Библи уншиж, залбирч, магтан дуулж, бусад итгэгч нартай нөхөрлөх тусам, зөв бодлуудыг үргэлжлүүлэн сонгох нь бидэнд улам бүр хялбар болж ирдэг. 

Энэ нь магадгүй итгэлийн амьдралаар амьдрахыг хичээх нь нэг л үргэлжилсэн бэрхшээлээс өөр юу ч байдаггүй гэж хэлж байгаа мэт сонсогдож байж болно. Үүнд үнэний хувь бий боловч тэр бол түүхийн зөвхөн нэг л хэсэг нь билээ. Маш олон хүн ялалттай Итгэлийн амьдралаар амьдрахын хүсдэг боловч тэд тулалдааны талбаруудад тулалдахыг хүсдэггүй. Гэхдээ ялалт гэдэг нь саад тотгорыг ялж, даван туулж байна гэсэн үг юм. Бид бас Бурханыг дуулгавартай дагдаггүй амьдрал бол ялалттай амьдралыг сонгохоос илүү хэцүү байдаг гэдгийг санаж байх ёстой. Тийм ээ, бид бэрхшээлүүдтэй тулгарах боловч эцсийн эцэст тэр нь үнэ цэнэтэй юм. 

Зөв зүйлүүдийг бодохын тулд дадлага хийх хэрэгтэй бөгөөд энэ нь амаргүй. Түүнчлэн зөвхөн сайн зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэх нь бидний хувьд хэвийн зуршил болоогүй байдаг. Гэвч хэрэв бид энэ бол одоогийн болон мөнхийн амьдралд хүрэх зам харгуй юм гэдгийг мэдэх юм бол эерэг бодлуудыг бодохын тулд хичээл зүтгэл гаргаж, тэмцэх нь үнэ цэнэтэй билээ. 

Бид эргэлзээ болон айдсаар бөмбөгдүүлэх үедээ өөрсдийн байр сууриндаа бат зогсох хэрэгтэй байдаг. Бид дахин хэзээ ч “Би энэ тал дээр юуг ч хийж чадахгүй” гэж хэлэхгүй байх ёстой. “Бурхан надтай хамт бөгөөд Тэр намайг хүчирхэгжүүлдэг. Бурхан надад ялах хүчийг өгдөг” гэдэгт бид итгэж, тунхаглахыг хүсэх хэрэгтэй. Элч Паул үүний талаар ийнхүү хэлсэн байдаг “Харин Эзэн Есүс Христээр бидэнд ялалт өгдөг [биднийг байлдан дагуулагч нар болгодог] Бурханд талархал нь байх болтугай. Тиймээс хайрт ах дүү нар минь, та нарын зүдэл зүтгэл Эзэн дотор хоосон биш гэдгийг мэдэж [энэ нь хэзээ ч үр ашиггүй эсвэл зорилгогүй байхгүй], тууштай байж (бат зогсож), гуйвж дайвалгүй, Эзэний үйл хэргээр үргэлж бялхаж бай [үргэлж өөрийгөө дээд түвшинд болон сайн сайхан авч явж, Эзэний үйлчлэлд хангалттай хэмжээнээс ч илүү давуулан үйлдэж].” (1Коринт 15:57-58).

Бид сонгож чадна. Бид зөвхөн сонголт хийх боломжтой л биш, бид сонгож чадна. Өөрсдийн бодол санаанаасаа буруу бодлуудыг түлхэхгүй бол буруу бодлууд бидэн рүү довтолж, биднийг олзлохыг тэдгээрт бид зөвшөөрч байна гэсэн үг юм. 

Сайныг сонгож, мууг түлхэн хаяхад суралцахын тулд цаг хугацаа хэрэгтэй. Энэ нь амаргүй байх болно, гэвч бид үүрэг хариуцлагаа ухамсарлаж, зөв сонголтуудыг хийх бүртээ зөв зам харгуйгаар урагшлах болно. 

Хүчирхэг Бурхан минь, өдөр бүр би сонголтууд хийдэг бөгөөд хийж чадна гэдгийг надад сануулаач. Өөрийн бодлуудаа хянаж, муу сүнсийг даван туулахад минь туслах зөв бодлуудыг сонгож, бодол санаан дахь тулалдаанд минь ялахад надад туслаач. Есүсийн нэр дээр би залбирлаа. Амээн. 

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Оюун ухаан тулалдааны талбар, cүнслэг удирдамж

Энэхүү өдөр бүрийн талх нь уур уцаар, төөрөгдөл, буруутгал, айдас, эргэлзээ... гэх мэт нэрлээд дуусахааргүй зүйлүүдийг ялан дийлж гарах найдварыг төрүүлэхэд танд туслах болно. Эдгээр ухагдахуунууд нь таныг төөрөгдүүлж, х...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд Жойс Мейер сайдуудад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://tv.joycemeyer.org/mongolian/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна