Төлөвлөгөөний мэдээлэл

Аюултай залбиралЗагвар

Dangerous Prayers

7-с 1 дахь өдөр

Яагаад залбирал тань аюултай байх хэрэгтэй вэ 



Би ихэнх хүмүүсийн адилаар залбирлаа тогтмол болоод үр нөлөөтэй байлгах гэж олон жил тэмцэлдсэн. Санаа минь сайхан байсан хэдий ч залбирч байхдаа би ихэнхдээ сатааран тэр ч бүү хэл уйддаг байлаа. Шинэхэн пасторын хувьд өөрчлөлт хийх цаг болсон гэдгийг ухамсарлахад найз минь тусалж билээ. Удаан хугацааны туршид итгэл үгүй залбирлыг зуршил болгосон байсан хэдий ч үүнээс ч илүүг Бурхан надад өгөхийг хүсч буйг, би Түүнийг улам илүү дотно таньж мэдэхийг хүсч буйгаа мэдэж байлаа.



"Крейг ээ, Бурхан одоо ч гайхамшгийг үйлддэг гэдэгт чи итгэдэг үү?"



"Мэдээж тийм," гэж би хэлэв.



"Сайн байна. Гэхдээ чиний залбирал үнэхээр үлбэгэр юм."



Би түүнтэй хамт инээхийг хичээж байсан ч найзын минь наргиа намайг үнэхээр хатгах шиг болсон—ихэвчлэн түүний зөв байдаг учраас л тэр байх.



Би үг дуугүй, өөрийгөө өмөөрөлгүйгээр түүний олж харсан зүйл үнэн гэдгийг би дотроо тунгаан бодож байлаа. Миний аль хэдийнээ мэдэж байсан нууцыг тэр задруулсан гэдгийг үгүйсгэх аргагүй байсан ч залбирал минь өрөвдмөөр байсан гэдгийг би хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй.



Нэгэн хэвийн, давтагддаг, таамаглахуйц, аюулгүй залбирал дунд гацсан мэт мэдрэмжтэй хүн бүрт энэ уншлагын төлөвлөгөө зориулагдсан болно.



Бидний гуйснаас эсвэл төсөөлснөөс хамаагүй илүүг үйлдэх чадвартай Бурханд бид үйлчилдэг. Тиймээс аль болох аюулгүй тоглохоо болих цаг ирээд байна. Тохь тухтай амьдралын төлөө бид бүтээгдээгүй. Бид хүсэл тэмүүлэл, хүч чадлаар дүүрэн, эрс өөр арга замаар дэлхийг өөрчлөх үүрэг хариуцлагатай хүмүүс! Энэ төлөвлөгөө танд хил хязгаараа цөмлөн гарах зоригийг өгч, улмаар таныг аюултайгаар залбирах, зоригтой амьдрахад урамшуулах болно гэж итгэж байна.



Би Библийг илүү судлахын хэрээр Бурханы хүмүүсийн залбирсан олон төрлийн залбирлыг хараад үнэхээр гайхширсан. Жишээ нь хүүхэдтэй болох (1 Самуел 1:27) гэдэг маш хувийн чанартай залбирлаар тэд залбираад зогсоогүй, хоол хүнс, хангамж (Матай 6:11) ба дайснаасаа чөлөөлөгдөн аврагдахын төлөө (Дуулал 59:1-2) гэх мэт амьдралд ойр залбирлууд байжээ. Заримдаа тэд хайрлагч Бурхандаа хандан зөөлнөөр шивнэх мэт залбирдаг байсан. Зарим үед тэд зовлон шаналал, бухимдлаасаа болоод Түүнд хандан хашхирдаг байсан.



Тэдний залбирлууд чин сэтгэлийнх байсан. Цөхөрсөн. Дүрэлзсэн. Аймшиггүй. Бодитой. Харин миний хувьд, Бурхан намайг аюулаас хол байлган, бургер, шарсан төмсийг минь ивээж ерөөж өгөхийг би залбиран гуйж байлаа.



Найзын минь зөв байсан.



Миний залбирал үнэхээр үлбэгэр байв.



Магадгүй энэ танд танил сонсогдож байгаа байх. Энэ нь таныг залбиралд итгэдэггүй гэж хэлж байгаа биш юм. Та итгэдэг. Гэвч та нэг хэвэнд гацсан байж болох юм. Та байдаг л асуудал, байдаг л гуйлтаараа залбирсаар байгаа. Яг л өнөөх залбирдаг арга барилаараа. Хэрэв та залбирахыг хичээвэл шүү дээ. Илүү их залбирах хэрэгтэйгээ та магадгүй мэдэж байгаа байх. Улам илүү хүсэл тэмүүлэлтэйгээр. Улам илүү итгэлтэйгээр. Та Бурхантай ярин, Түүнийг сонсохыг, хань ижилтэйгээ юмуу эсвэл хамгийн дотны найзтайгаа хуваалцаж байгаа мэт дотно харилцан яриаг өрнүүлэхийг хүсдэг. Та үнэхээр их хүсэх хэдий ч яаж гэдгээ сайн мэдэхгүй. Тийм ч учраас залбирал тань аюулгүй хэвээрээ байдаг.



Нэгэн хэвийн. Сонирхолгүй. Таамаглахуйц. Улиг болсон. Уйтгартай.



Намайг сэрээсэн найзын минь үгс залбирлын амьдралдаа өөрчлөлт хийх цаг болсныг надад ойлгуулсан. Дэндүү удаан хугацааны турш, үхээнц, итгэлгүй, ихэнхдээ хоосон залбирлаар залбирч байснаа ойлгосон. Бурхан надад үүнээс илүүг өгөхийг хүсэж байгааг би мэдэж байсан бөгөөд энэ нь надаас юуг шаардах бол гэсэн эргэлзээнээсээ үл хамааран би Түүнийг улам илүү дотно таньж мэдэхийг хүсч байв.



Чин сэтгэлийн, эмзэг, дотно залбирлаар бид Бурхантай харилцахыг эрэлхийлэх үед Тэр бидний сүнсний аюулгүй байдлыг бөмбөлөгтэй хамгаалалтын уутаар ороодоггүй. Харин ч үүний оронд Тэр надад өгөх ашиг шим нь юу бол гэсэндээ тэр бөмбөлгүүдийг хагалж, Бурхан үүний дараа юуг хийх бол гэдгийг мэдэхгүй байх үедээ ч Түүнд итгэхийг биднээс хүсдэг. Зарим өдөр бид ивээгдсэн мэт мэдрэмжтэй байдаг бол зарим өдөр бид сорилт, бэрхшээл, хавчлагатай нүүр тулдаг. Гэвч аюултай залбирлын хором мөч бүр Түүний оршихуйгаар дүүрэн байх болно.



Илүү ихийг хүлээн авахдаа бэлэн байна уу? Аюулгүй залбирлаас залхаж байна уу? Эмээх зүйлгүй, итгэлээр дүүрэн, Бурханыг хүндлэхүйц, амьдралыг өөрчлөхүйц, дэлхийг өөрчлөхүйц залбирлаар залбирахад та бэлэн байна уу?



Хэрэв тийм бол энэ Библи уншлагын төлөвлөгөө танд зориулагдсан болно.



Гэвч анхаараарай. Бэрхшээл тулгарах болно. "Намайг судлаач, намайг бусдын төлөө өргөөч, намайг илгээгээч" зэрэг залбирлаар залбирч эхлэх үед та хөндийгөөр туулах болно. Довтолгоо. Бэрхшээл. Өвдөлт. Зовлон. Урам хугаралт. Зүрх шархалж ч магадгүй. Гэвч үүнтэй зэрэгцэн итгэлийн баяр хөөр, гайхамшгийн гайхшрал, бууж өгөхөөс ирэх чөлөөлөлт, Бурханд таалагдахын таашаал зэрэг ирэх болно.



Аюулгүйгээр залбирлаа зогсоох цаг болсон.



Ярьж, бүр үнэхээр ярьж, Бурханыг үнэхээр сонсож эхлэх цаг болсон.



Аюултай залбирах цаг болсон.


Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Dangerous Prayers

Та итгэл дотроо нэгэн хэвийн, хэвшмэл байхаас залхаж байна уу? Та айдастайгаа нүүр тулж, итгэлээ босгон байгуулж, нөөц бололцоогоо бүрэн ашиглахыг хүсэж байна уу? Энэхүү 7 хоногийн Библи уншлагын төлөвлөгөө нь Life.Churc...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Пастор Крейг Грошел ба Life.Church-ийн хамт олонд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.craiggroeschel.com/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна