Эхлэл 38

38
Иуда Тамар хоёр
1Тэр үед Иуда ах дүү нараасаа салж, Адулламын Хира гэдэг хүн уруу хүрч очив. 2Иуда тэнд Шуа гэдэг канаан хүний охиныг олж хараад, түүнийг авч, түүн дээр оров. 3Мөнөөх нь жирэмсэлж хүү төрүүлэхэд Иуда түүнд Ер гэдэг нэр өгчээ. 4Тэр бас дахин жирэмсэлж хүү төрүүлжээ. Түүнд Онан гэдэг нэр өгөв. 5Тэр бас дахин хүү төрүүлж хүүдээ Шела гэдэг нэр өгчээ. Шелаг төрөхөд Иуда Хезибт байлаа. 6Иуда ууган хүү Ертээ эхнэр авч өгөв. Түүний нэрийг Тамар гэдэг байв. 7Иудагийн ууган хүү Ер нь ЭЗЭНий мэлмийд ёрын муу харагдсан тул ЭЗЭН түүнийг үхүүлжээ. 8Иуда, Онанд
—Чи ахынхаа эхнэр дээр орж, хадам дүүгийн хувьд үүргээ биелүүлж, ахынхаа төлөө үе залгамжлах үр удамтай болгож өг гэв. 9Тэр үр нь өөрийнх нь болж чадахгүй гэдгийг Онан мэдээд ахынхаа эхнэр дээр орох үедээ ахдаа хүү заяалгахгүйн тулд үрээ газарт асгав. 10Түүний хийсэн энэ үйл ЭЗЭНий мэлмийд ёрын муу харагдсан учир Тэр түүнийг бас үхүүлэв. 11Иуда өөрийн бэр Тамарт
—Чи миний хүү Шелаг насанд хүртэл эцгийнхээ гэрт бэлэвсэн эмийн ёсоор суу гэжээ. Учир нь тэрээр Шела бас ах нарынхаа нэгэн адил үхэх вий гэж боджээ. Тэгээд Тамар эцгийнхээ гэрт очиж суув.
12Түүнээс нэлээд хойно Иудагийн эхнэр, Шуагийн охин үхжээ. Иуда сэтгэлээ тайтгарсны дараа өөрийн найз адуллам хүн Хиратай хамт Тимна уруу явж, хонь хяргагчид дээрээ очив. 13“Танай хадам эцэг Тимна уруу хонио хяргахаар гарчээ” гэдгийг Тамар сонсоод 14бэлэвсрэлийн хувцсаа тайлж, нөмрөгөөр биеэ ороон нүүрээ бүтээгээд Тимна орох замд байдаг Енаимын үүдэнд суув. Учир нь тэрээр Шела насанд хүрснийг үзсэн боловч, өөрийг нь түүний эхнэр болгон өгсөнгүйнх болой. 15Нүүрээ бүтээсэн байсан учир Иуда түүнийг хараад янхан гэж боджээ. 16Тэрээр замын хажууд түүн дээр очоод, түүнийг өөрийнхөө бэр гэж таниагүй учир
—Намайг өөр дээрээ оруул гэжээ. Нөгөөх нь
—Та над юу өгч над дээр орох юм бэ? гэж асуусанд 17тэрээр
—Би сүргээсээ нэг ишиг өгнө гэсэнд өнөөх нь
—Та түүнийгээ өгөхөөсөө өмнө надад барьцаа өгөх үү? гэжээ. 18Иуда
—Би чамд ямар барьцаа өгөх вэ? гэсэнд өнөөх нь
—Өөрийнхөө тамга түүний оосор бас гарт байгаа таягаа өг хэмээжээ. Иуда тэдгээрийг түүнд өгөөд түүн дээр орсонд Тамар Иудагаас жирэмсэлжээ. 19Тэрээр босож яваад, нөмрөгөө тайлж бэлэвсрэлийн хувцсаа дахин өмсөв.
20Иуда тэр эмэгтэйн гараас барьцаагаа авахаар өөрийн найз адуллам хүнээр нэгэн ишиг илгээсэн боловч тэр бүсгүйг олж чадсангүй. 21Тэгээд тэрээр тэндхийн хүнээс
—Замын хажууд Енаимд байсан янхан хаа байна вэ? гэж асуусанд тэд
—Энд янхан байгаагүй гэжээ. 22Тэгээд тэрээр Иуда дээр эргэж ирээд
—Би тэр бүсгүйг олж чадсангүй. Бас тэндхийн хүмүүс тэнд янхан байдаггүй гэж байна гэсэнд 23Иуда
—Бид ичгүүр болж магадгүй тул тэр бүсгүй тэдгээр зүйлийг авбал аваг. Харагтун, би түүнд энэ ишгийг явуулсан боловч чи түүнийг олсонгүй гэв.
24Гурван сар орчмын дараа нэгэн хүн Иудад
—Танай бэр Тамар завхайрч, харагтун, завхайрлаасаа болж жирэмсэн болсон байна гэжээ. Иуда
—Түүнийг гаргаж ирээд шатаа! гэв. 25Тэр эмэгтэй баригдан гарах үедээ хадам эцэгтээ хэл явуулж, “Би эдгээр зүйлийн эзнээс болж жирэмсэн болсон” гээд цааш нь энэ тамга, түүний оосор хийгээд таяг хэнийх вэ гэдгийг нягталж болгооно уу? гэжээ. 26Иуда тэдгээр зүйлийг таниад
—Би түүнд өөрийн хүү Шелаг өгөөгүй тул тэр надаас илүү зөв юм байна гэж хэлэв. Тэгээд тэр түүнтэй дахин ойртсонгүй.
27Түүнийг төрөх болоход, харагтун, хэвлийд нь хоёр ихэр байжээ. 28Түүнийг төрөх үед нэгийнх нь гар гарч ирэхэд, эх баригч нь авч, улаан утас гарт нь уяж
—Энэ нь эхэлж гарлаа гэв. 29Гэтэл нөгөө хүүхэд гараа буцаан татахад, харагтун, дүү нь гарч иржээ. Эх баригч
—Чи яагаад тас дайраад гарч ирэв гэж хэлээд, түүнд Перез#38:29 Перез: евр. “дайран гарсан” гэсэн утгатай. гэдэг нэр өгөв. 30Дараа нь гартаа улаан утас уясан ах нь гарч ирсэнд түүнд Зера#38:30 Зера: евр. “үүрийн улбар гэгээ” гэсэнтэй төстэй. гэдэг нэр өгөв.

Одоогоор Сонгогдсон:

Эхлэл 38: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна